/   Мэдээлэл   /   Цаг үеийн мэдээлэл
Төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхээр боллоо
Засгийн газрын  2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  Шинэ сэргэлтийн бодлогод тусгасны дагуу Монгол улсын Баруун босоо чиглэлийн төмөр зам ба Зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр “Монголын төмөр зам” ТӨХК-д үүрэг болгож энэ ажиллагааг эрчимжүүлэх даалгавар өглөө.
Баруун босоо чиглэлийн төмөр замын хувьд Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255км төмөр зам, Зүүн босоо чиглэлд Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлд 420км төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК гадаад дотоодын хөрөнгө оруулагч, төмөр зам дагуу уул уурхайн лиценз эзэмшигч компаниудтай хамтран хэрэгжүүлэх юм. 
Төслүүд хэрэгжсэнээр, Монгол улсын төмөр замын сүлжээ  4700 км урттай болох юм. Үүнээс гадна 2022 оны эхний хагаст багтаан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулах бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна.
 
Эх сурвалж:
Монгол Улсын Засгийн Газар - https://mongolia.gov.mn/news/view/26246
Монголын Төмөр Зам ТӨХК - https://www.facebook.com/MongolianRailway