/   Мэдээлэл   /   Цаг үеийн мэдээлэл
Газрын ховор металлын хайгуулын Оорцог төслийн товч танилцуулга

Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжыг үндэслэн АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын газраас Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших XV-019735 тоот “Оорцог” нэртэй 22081 гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг “Их Монгол Коммерс” ХХК-д 2016 оны 04-р сарын 27-ны өдөр олгосон. 2021 онд Их Монгол Коммерс ХХК нь өмнөх судалгааны ажлуудыг шалгах эрэл-зураглал, уул болоод өрөмдлөгийн ажлуудын үр дүнд талбайн хэмжээг 17369,33 гектар болгон АМГТГ Кадастарын хэлтэст бусад хэтийн төлөв багатай 4,711.67 гектар бүхий талбайг буцаан хүлээлгэн өгсөн.

Оорцог тусгай зөвшөөрлийн талбай нь Улаанбаатар хотоос 500 орчим км-т, Дундговь аймгийн төвөөс зүүн урагш 90-аад км-т орших бөгөөд Өлзийт сумын төвөөс 40 км зайд, Гурвансайхан сумын төвөөс 70 км зайд тус тус оршино.

Их монгол коммерс ХХК нь өмнөх шатны геологи зураглалын судалгаагааны үр дүнг шалгах зорилгоор 2016 онд талбайн зураглал, уулын ажил буюу суваг малталт, эрлиийн өрөмдлөгийн ажлуудыг гүйцэтгэж үр дүнд нь Rb, Li хүдэржилттэй пегматитийн биетийг олж тогтоосон.

2022 онд эрлийн маршрут, геохимийн хоёрдогч сорьцлолтын ажлыг талбайн баруун хойд хэсэгт 1012.5 гектар бүхий талбайд 100х50м-ийн торлолоор нийт 1695 ширхэг сорьц авсан. Үр дүнд 1300х300м-ийн хэмжээтэй Rb, Li-ийн 0.07%-ийн агуулгатай сарнилын хүрээ хэд хэд тогтоогдсон. Мөн пегматитийн биетээс авсан цэглэн сорьцлолтоор Rb, Li -ийн 0.1% хүртэл агуулга хэд хэд тодорхойлогдсон. Цаашид дээрхи хүдэржилтийн биетийг гүн рүү судлахаар  геолог хайгуулын ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.